Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 16.9-21.4 градус, өндөр уулын сумдын нутгаар 12.8-17.0 градус дулаан байлаа. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 28-31 градус, Өндөр уулын сумдаар 22-27 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө 8-12 градус дулаан, Өндөр уулын бүсийн сумдаар 3-8 грудас дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр 1-2 өдөр ажиглагдсан. Жаргалант, Чандмань, Эрдэнэбүрэн, Үенч болон өндөр уулын сумдаар агаарт +30 градусыг давж халсан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 17-31 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 48-64 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1-11 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 3-10 өдөр ажиглагдсан. Нийт сумдаар хөрсөн дээр халалт явагдаж ихэнх сумдад 60 градусаас дээш гарч халж байгаа ба Дарви суманд 64 градус хүрч халж байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоног нийт нутгаар 250,6 мм тунадас орсон. Хамгийн их тунадас Чандмань суманд 44.5 мм, Эрдэнэбүрэн суманд 36.6 мм, Дарвид 30.4 мм, Мянгад 20.8 мм, Дуутад 18.6 мм, Мөстөд 17.3 мм, Ховд суманд 13.2 мм, Дөргөнд 12.7 мм, Манханд 11.4, Жаргалантад 10.3 мм тунадас орсон бол хамгийн бага нь Булган суманд 1.0 мм, бусад сумдын нутгаар 1.0-9.0 мм тунадас орлоо. Тунадас ороогүй сум байхгүй. Дуут суманд мөндөр орсон. Гарсан хохиролгүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины их хурд секундэд Зэрэг суманд 23 м, Чандмань, Манхан, мөнххайрхан, Мөст, Ховд сумдын нутгаар 18-20 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 14-17 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Аадар борооны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдсан. Мянгад, Үенч сумдад салхины их хурд 10м/с хүрээгүй байна.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна. Ургамлын дундаж өндөр 2-7 см, ургамлын ургалтын байдал Алтайн өвөр говийн болон Ховд сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. 6-р сар эхлээд нийт нутгаар халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж бэлчээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдаж, нийт ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж байсан хэдий ч энэ 10 хоногт нийт нутгаар хур тунадас орсоноос ургамлын ургалт сайжрах төлөвтэй байна. Нийт нутгаар хур тунадас орж бэлчээрийн ургамал сэргэж зуншлагын байдал сайжрах төлөвтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хөөвөр хялгас авах, сааль сүү бэлтгэх,мал хөнгөлх хонь хяргах, мал оторлох, ажил үргэлжилж байгаа. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн. Нийт нутгаар хур тунадас орсоноос агаарын харьцангуй чийгийн дундаж 40-60% байгаа хэдий ч харьцангуй чийг 30%-аас бага өдрийн тоо зарим сумдын нутгаар 8-10 өдөр ажиглагдаж буй нь гал түймэр гарах эрсдэлтэй байгааг харуулж байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн эрсдэл үүсэхээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгаар 250.6 мм бороо орсон. Хамгийн их тунадас Чандмань Эрдэнэбүрэн, Дарви суманд орсон бол Булган суманд хамгийн бага буюу 1.0 мм тунадас орлоо.
- Агаарт 30 аас дээш халсан өдрийн тоо 1-2 өдөр, Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 3-10 өдөр ажиглагдсан.Дарвид хөрсөн дээрээ 64 градус хүрсэн.
- Салхины их хурд нийт нутгаар секундэд 14-23 м/с хүрч шуурсан. Мянгад болон Үенч суманд салхины их хурд 10м/с хүрээгүй.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-7 см өндөр ургасан байна. Нийт нутгийн 25 орчим хувьд зуншлага хэвийн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна. Цаашид зуншлагын байдал сайжрах төлөвтэй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
Ц.Нямбаяр
2024 оны 6 дугаар сарын 21-нд